Хөөрөг зөрүүлэхүй

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:15/03/10
   
      Хөөрөг харшуулах нь, тэр тусмаа шинийн нэгэнд харшуулан тамхилах нь эв эе эвдрэлцэж, тангараг тасарсны дохио тэмдэг аж.
Баруун гарын дөрвөн хурууны үзүүр хэсэгт хөөргөө тавьж хүндэтгэл үзүүлж буй хүндээ барих ёстой. Хөөргийг эрхий, долоовор, дунд хурууг оролцуулан бариваас эртний монгол ёсонд нийцнэ. Барихдаа хөөрөгний толгойд долоовор хуруугаа тааруулна. Эл барилтыг монголчууд “төрийн гурван тулгуур” хэмээн үздэг. Хөөрөгний толгойг хаан, баруун хэсгийг хатан, зүүн хэсгийг цэрэг зэвсэг хэмээн үзнэ. Тиймээс тухайн хүний мэндчилгээг төрийн хэмжээнд хүлээн авч буйн илрэл нь энэ болдог ажгуу. Мөн хамрын тамхийг чимхэн авч татах нь монгол бус төвдөөс гаралтай ёс юм.
      Хөөрөг зөрүүлэх ёсон. Хуучин цагт ихэс дээдэс болон том лам нар их, бага гарын хоёр хөөрөгтэй явж, их гарын хөөргөөрөө дээдэстэй солилцдог байжээ. Хөөрөг зөрүүлж тамхилах нь эвтэй явахын бэлэгдэл юм. Эвдрэлцсэн хүмүүс энэ өдөр хөөргөө зөрүүлж сэтгэлээ цайлгах заншилтай байжээ.
 
     Хөөрөг гаргаж өгөхдөө толгойг нь суллана. Хөөрөг аваад толгой дээр нь дарж болохгүй. Хөөрөгний толгойг хөндийрүүлэх, хөндийрүүлэхгүй, хөндийгөөр үнэрлэх нь тус тус учир утгатай. Ерийн тамхилахад хөөрөгний толгойг заавал хөндийрүүлж өгөлцөнө. Дээр үед хороогдох ялд унасан хүнд, эцсийн ёс гүйцэтгэх үед нь тамхилахдаа хөөрөгний толгойг хөндийрүүлэхгүй тамхилдаг байсан учир цээрлэдэг. Толгойг нь сугалахгүйгээр үнэрлээд өгөх нь “Би уй гашуутай яваа хүн”, өөрөөр хэлбэл “Бурхан болоочийнхоо хоногийг хураагаагүй яваа хүн” гэсэн санааг илэрхийлдэг байна.