Ё.Эрдэнтогтохын уран бүтээлийн тайлан тоглолт болов

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:15/05/07

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилин гол аймгийн Зүүн Сөнид нутгийн яруу найрагч Ёндонгийн Эрдэнтогтохын "Боорчийн тал" уран бүтээлийн тайлан тоглолт 4-р сарын 8-ны орой Улаанбаатар хотын Бөхийн өргөөнд амжилттай болж өнгөрлөө. 


Тайлан тоглолтод МУ-ын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Т. Галсан, Ш. Дулмаа, МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, МУГЖ Д.Жаргалсайхан, С.Ганзориг, Г.Хонгорзул, МУСТА Г.Батсайхан, Л.Банзрагч, А.Мөнхбат, Э.Төрмандах, Т.Дэлгэрмөрөн, Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Энхбат, ӨМӨЗО-ны дуучин Р. Отгонтуяа, Хөөмийч Ч. Ангараг, Г. Сэргэлэн, Э.Бодь, Д.Цэвэрцэцэг, Х.Хөгжилбаатар нар оролцож, ая дуугаа өргөлөө.

Тэд яруу найрагч Ё.Эрдэнтогтохын дууны үгэнд МУ-ын болон ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолчдын ая хийсэн уран бүтээлүүдийг амилуулан дуулж танхим дүүрэн суусан үзэгчдэд хүргэсэн юм. МУ-ын Ардын уран зохиолч гурван эрхэм тайлан тоглолтод саатаж, бэлгэтэй сайхан ерөөл хайрласан нь энэ тайлан тоглолтын онцлог байлаа.

Яруу найрагч "Боорчийн тал" шүлэгтээ:
Бороо нь арилаад солонгорсон
Боорчийн уудам тал минь
Бум түмэн адууны минь
Буян хураасан нутаг минь

Наху баяны үеэс
Нараа дэлгэсэн тал минь
Найман шаргаа сорлуулсан
Нарийн бэлчээртэй нутаг минь

Тэмүжин Боорч хоёрын минь
Тэврэлдэн андалсан тал минь
Дэлгэр Монголоо мандуулахаар
Тэнгэрт андгайлсан нутаг минь

Хүмүүний содон мэндэлдэг
Хөлөг баатрын тал минь
Хөвчин дэлхийд алдаршсан
Хүчирхэг Монголын нутаг минь хэмээн өгүүлжээ.