На. Долгор: Яруу найраг бол оюун санааны ариусгал мөн

бэлтгэгч:Ганаа үзсэн тоо: бэлтгэсэн цаг:18/05/29


  “Хаврын наранд ижийтэйгээ би хялгас урна” гэдэг шүлгийг “Хөлөнбуйрын шүлгийн сонгомол” номоос бахархаж ахин дахин уншиж суудаг байлаа. Яруу найрагт сонирхолтой уншигчийн хувиар ийм яруу шүлэг бичсэн бүсгүй яруу найрагч На. Долгор гэгч ямар хүн байдаг бол? Аль өдөр энэхүү бүсгүй яруу найрагчтай хэдэн үг сольж, түүний бодлын ертөнцөөр нь аялах болдоо гэж байсан юм. Зохиолч уншигч хоёр бол уран бүтээлээрээ хүмүүст танигдсан байдаг гэдэг нээрээ ч ортой үг юм даа.
Азаар гэхээс ерөөлтэйдээ учирлаа гэвэл сэтгэлд нэн ойрхон. Энэ жилийн Дэлхийн хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн баярын өдрийг бэлэглэх ажиллагааг сурвалжилхаар Шинэхэн нутагт хүрч хэдэн бүсгүй яруу найрагчтай танилцсаны нэг нь На. Долгор байлаа. Өнөөдөр л уулзах ёстой гэсэн юм шиг яруу найрагч “Уншигч” хоёрын ярилцлага Шинэхэн нутагт ийнхүү тухтайхан эхэлж билээ.
Адуунчулуу минь
Баргад алдартай
Баялаг нутаг--Адуунчулуу минь
Миний өлгий.
Багаас минь заяатай
Бахархам газар--- Баян уул
Миний нутаг.
На. Долгор 1967 онд Шинэ барга баруун хошууны Адуунчулуу сумны Баянуул гацааны малчин Хөхнүүд халын Насанурт, Ширайд халын Дашхудгийн ууган үр нь болж заяажээ. Хөдөөгийн хүүхэд хөлд ормогц аав ээждээ тус дэм болчихдог гэхэд нэг ч илүүдэхгүй. Айлын ууган охин На. Долгор эрт ухаажиж, тав зургаан насандаа гэрийн ажилд нэлээд цагаарчихсан байлаа. Ээж нь өдрөөр хониндоо явхад нь аргал оруулах, дүүгээ харах, ааваан асрах гээд гэрийн гадна дотнох бүх ажлыг зохицуулчихдаг. Үдэш болвол аав нь лааны гэрэл дор гэрийнхэндээ үргэлжилсэн үгийн үлгэр уншиж өгдөг байжээ. На. Долгор одоо болтол аавынхаа ярьж өгдөг тэр нэгэн хайрын үлгэрийг тов тод цээжилсээр. Ээж нь үлгэр сонсож суухдаа сэмээрхэн урасгахад охин нь ч гэсэн хажуугаас нь дагаад уйлчихдаг байж гэх. Аавын минь ярьсан үлгэрийн баатар хожим нь яасан бол ? ... тэр нөгөө хоёр суусан болуу? ...гэж тэр одоо болтол бодсоор гэх.
Багаасааа ном уншиж, сонсох амтыг мэдэрсэн На. Долгор охин ахмадаасаа олсон арав хорин мөнгөө хадгалж, айлын хүүхдүүд шиг амттан авхыг бодоогүй харин ганц хоёр ном авч хөл хөөр болдог байв.


“Охин минь аав ээжийнхээ ачыг хариулъя гэвэл бичгээн сайн сураарай” гэсэн аавынхаа захиаг санаж, сурлагадаа шамдан суралцаж, ангидаа хэзээд оройлж явдаг. Гэртээ харивал ээждээ дэм болдог гэх. Тэр дүүгээ харж, тугал хариулж,үнээ сааж, хялгас зулж, шилбэ эмэрдэн, оёдол оёж, хичээл номоо давтаж..... айл аймгийнхан На. Долгорыг гайхан магтацгаана.
“Айлыг сургаар, эрдмийг сурлагаар “ гэдэгчилэн На. Долгор 1974 онд Адуунчулуу сумны сургуульд орж, сургууль соёлын мөрийг хөөж эхлэв. 1979 онд Хайлардах Нэгдүгээр дунд сургуульд сурч, залгаад Хайларын Монгол үндэстний багшийн сургуульд 4 жил сурч төгсөөд ажлын гараагаа 1987 онд Адуунчулуу бага сургуульд багшаар томилогдон 8 жил ажилаад 1995 онд Шинэ барга баруун хошууны Нэгдүгээр бага сургуульд шилжин ажилсан. Хоритой багшилсан юмсан гэж хуруу даран тоолход На. Долгор үе үеийн сурагчидтайгаа хорин жилийг ардаа орхисон гэх. Хорин жилийн турш, тэр сайн багш болоё хэмээн үндэстний сурган хүмүүжлийн төлөө зүтгэж, зоригтой ажиллаж, зогсолтгүй чармайн ажиллаж явсан түүхтэй гэх.
Аз тохиол бэлтгэлтэй хүнийг эвхдэг гэдэгчилэн 2006 онд Шинэ барга баруун хошууны Утга урлагийн холбоо анх байгуулагдах үед орлогч тэргүүлэгчээр шилжин ажиллав. Энэ нь яруу найргийн ундрал нь болж, түүний дур бах, авъяас
билэгт нь дүйцэж, “ Миний Алтан-эмээл” анхныхаа шүлгийн түүврийг хэвлүүлж,түмэн дундаа нэлээд шүлгээ туурвижээ.


Ажилч хөдөлмөрч хүн бүтээлээр дүүрэн. Түүний “Баян барга” шүлэг нь 2007 онд Хөлөнбуйр хотын анхдагч удаагийн “ Хөлөний алтан дэнж” яруу найргийн мөрийцөөн жич “ Үйлс” хундагт монгол яруу найргийн наадамд манлайлж, Хөлөнбуйрын “ Одон яруу найрагч”-аар цоллогдов. Тус шүлэг нь 2009 онд Хөлөнбуйр хотын засгийн ордны Утга урлагийн зохион бүтээлийн “Азнай шагнал”-г гардав. 2007 онд Өвөрмонголын өөртөө засах орны 60 жилийн ой, ээжийнхээ 60 насны баярт зориулж бичсэн “ Хаврын наранд ижийтэйгээн би хялгас урна” хэмээх шүлэг нь бүх улсын “ Мөнх тэнгэр цагаан сүлд цом” монгол яруу найргийн шилдэг шагнал гардаж, олноо таашагдсан яруу найрагчийн шагнал гардав. 2009 онд ӨМӨЗО-ны “ Солонго шагналыг” гардаж, Хөлөнбуйр хотын “ Азнай шагнал”-ыг тав удаа гардаж, 2010 оны 9-р сард Монгол улсын “ Ш. Дулмаагийн нэрэмжит шагнал”-аар энгэрээ мялааж, 2012 онд бүх улсын хоёрдох удаагийн “ Үлэмжийн чанар” нэрэмжит бүсгүй яруу найрагчийн наадамд “Зүрхнээс гарсан нэгэн аялгуучиний зүг урснам” шүлгээрээ гуравдугаар байрны шагнал тосож, 2012 онд бичсэн “ Дурсахгүй байхын аргагүй” бүтээлд нь 2017 оны 8-р сард Сайнцогт ая зохиож Монгол улсын дуучин Сэрчмаа дуулж, 12-р сард Монгол улсын “ Амьдралын наран” киноны дуугаар сонгогдов. 2017 онд түүний зохиосон 20-иод шүлгүүд нь аятай болж, “ Баян барга” дуу нь 2017 онд хошууны наадмын сүлд дуу болсон байна. “ Хүүхэд нас хөөрхөн” гэдэг бага сургуулийн хүүхдэд зориулж бичсэн шүлгийн түүвэрдэх “ Ээжийн мөнгөн аяга” шүлэг нь 2015 онд бага сургуулийн дөрөвдүгээр ангийн монгол хэлний унших бичигт сонгогдож, “ Хэнз ишиг” шүлэг нь бас бага сургуулийн унших бичигт дараалан сонгогдов.
На. Долгор одоо Хэрлэн сэтгүүлийн ерөнхий найруулагч, Хятад улсын цөөн тоот үндэстний зохиолчдын эвлэлийн гишүүн, ӨМ-ын зохиолчдын нийгэмлэгийн гишүүн зэрэг үүрэг тушаалтай. “ Миний Алтан-эмээл”, “Хайраар шугасан хөшөө”, “ “Баян барга”, “ Янзган тагшаа”, “Нар өргөсөн танхил нас”,”Хүүхэд нас хөөрхөн”,”Нар үлдсэн бууц” зэрэг долоон зохиол бүтээлтэй.
Миний нар
Бүдрэх үед минь босгож зогсоодог зориг
Бүтэн биеийг минь тулж явдаг таяг
Миний нар аа гэж насаараа уянгалах шүлгийн минь онгод
Итгэл минь дээ, хүү минь ...
Үрийн ганц хүү итгэл нь бүсгүй яруу найрагчийн минь “ Миний нар” гэж насаараа уянгалах шүлгийнхэн онгод юмсан. Тэрбээр хорвоод нэг нартай юм бол надад бол хоёр нартай гэж бодож явдаг гэнэ. Түүний амьдралд хүү нь нар болон гэрэлтэж, түүнийг нар шиг гийгүүлж, аливааг ялан давах хүч олгодог. Амьдралд нь ямар их хүчир бэрх тохиолдсон ч хүүгээ бодхоор эрч зориг нь хөвчлөгдөж, итгэл зоригоор дүүрэн болдогсон.
Нар болсон хүүгээ ээж нь “ Сайн хүн, шандастай эр болоосой” гэж хүсэж явдаг. На. Долгор хүүдээ маш олон шүлэг бичжээ. Энэ нь ганц өөрийгөө гэж бичсэн биш, харин бүхий л монгол эхчүүдийн сэтгэлийн дууг дэлгэсэн.

Сурвалжлагч: Гялбаа

Найруулагч:Ганаа